1961 оны 9 сарын 7-нд Өвөр Монголын өөртөө засах орны Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Жаран сумын Жаран гацааны нутагт Долоод овогт Донров, Шарнууд овогт Отгон нарын тав дахь хүүхэд болон мэндэлсэн. Зохиол бүтээл туурвих болсон цагаасаа өнөөг хүртэлх гуч гаруй жилийн турш Өвөр Монголын утга зохиолын ертөнцөд түүний зохиол бүтээлийг уншигч түмэн шимтэн уншдаг. Түүний шүлгүүдээс монголчуудын цайлган сэтгэл, нүүдэлчин ардын аж амьдрал, эх байгальтайгаа шүтэлцэн оршин байдгийн дүрслэлийг “Бид Монголоороо байх л учиртай, Монгол сэтгэлгээг бид гадаадаас олохгүй” гэж ярих дуртай түүний «Гаднаа морьтой монгол айл» шүлгээс харж болно. Монгол ахуйг дүрсэлсэн олон шүлэг нь хэл, соёлын гайхамшгийг тусгасан байдаг. Өнөөгийн Өвөр Монголын яруу найрагт монгол хэлний яруу тансаг хуучны үг хэллэгийн хэрэглээ багасаж, сэтгэлгээ ядуурч, сэдвийн хүрээ цөөрч явцуурч байгаа ийм цаг үед Д. Цэрэнванжилын шүлгүүд баян тансаг үгийн сан, монгол ахуйг үгээр зураглах нь уран бүтээлчийн өнгө төрх юм. ХХ зууны 80 хэдэн оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн Д. Цэрэнванжил нь эдүгээ БНХАУ-ын цөөн тоот үндэстний зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Шилийнгол аймгийн зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч зэрэг албан тушаалыг хажиж буй уран бүтээлч билээ. Д. Цэрэнванжилын уран бүтээл хэл найруулга, туурвилзүйн онцлогоороо бусад уран бүтээлчдээс ялгарах тул яах аргагүй өгүүлэн буй үеийг төлөөлөхуйц уран бүтээлчийн нэг болж байна. Д. Цэрэнванжилын уран бүтээлд үндэс угсаагаа хайрлах, монгол үндэстнийхээ хувь заяаны төлөө санаа зовох, монгол үндэстэний бадран хөгжих болтугай гэх хүсэл найдлага, итгэл үнэмшлээ илэрхийлсэн монгол соёл уламжлалын зүйлс нь энэ уран бүтээлчийн үнэт зүйлс болох тухай энэ өгүүлэлд бичжээ.
Предпросмотр статьи
Идентификаторы и классификаторы
- SCI
- История
- Префикс DOI
- 10.53315/2782-3377-2024-4-1-86-98